“АЮУЛГҮЙ ЖИШИГ ХОРООЛОЛ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

IMG_4782.jpg

Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газраас санаачилж айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Аюулгүй жишиг хороолол” төсөлд Сүмбэр сумын Баянбулагийн 1-4 дүгээр гудамжны айл өрхийг хамрууллаа.

Уг төслийг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоотой хийж хэрэгжүүлэн ажилласан.

Тухайлбал аймгийн ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улаан загалмай хороо, Говьсүмбэр телевиз  “Дэлхийн зөн Бор-Өндөр -1” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Төслийн хүрээнд айл өрх бүрийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгааны гадна, дотор монтажийн утсыг солих, утаа мэдрэгч төхөөрөмж суурилуулах, гал унтраагуул байрлуулах, шаардлага хангасан хогийн савыг байршуулах, эгнээ бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/-ийг байршуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналттай камер суурилуулах, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх, хашааг жигдрүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлыг хийсэн юм.

Сүмбэр суманд Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн 60 орчим хувь нь амьдардаг бөгөөд уг төслийн ажлыг 2022 оны 04 сарын 11-ний өдөр эхлүүлж,  өнөөдөр /2022.11.17/ хаалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Хаалтын үйл ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон хамтран ажилласан байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Сүмбэр сумын Баянбулагийн гудамж, эгнээ хариуцсан ахлагч нарт төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон тул Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Талархал” гардууллаа.

scroll to top