Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  7-12 м/с. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 7,9,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын эцэст замын зорчих хэсэгт иргэн Б-гийн “Ниссан “Пукус” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 13:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7,5 км замыг туулан 13:41 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгйин Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 20:57 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 5 ханатай гэр, 15 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 02:28 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /28 настай, эрэгтэй/ галд өртөн нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

ААН-д гарсан гал: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн “Замын-Үүд 2” өртөөний 3 дугаар замд Бор-Өндөр-БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд зорчиж явсан 85401305 дугаартай олон улсын ачаа тээврийн галт тэргэнд ачсан нүүрс уугиж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:18 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Лүн сумын “Уулсын хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 64 км-т/ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Н /40 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хино” загварын ачааны автомашин, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ниссан патфайндер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины бүхээгийн төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 64 км замыг туулан, 18:40 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж, иргэн Н-ийг автомашинаас гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Үйлдвэрийн районд “Дархан төмөрлөг” ХК-ийн далангийн оператор Ш /48 настай, эрэгтэй/ ажил дээрээ сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 6 алба хаагч, тус компанийн 31 ажилтан, нийт 54 хүн, 1 нохой, 3 автомашин, 1 завьтай 5 хэсэгт хуваагдан 1 дүгээр хэсэг: Хаягдал далан, 2 дугаар хэсэг: Хаягдал төмрийн хэсэгт, 3 дугаар хэсэг: Төмөр зам, ус шахах хоолой шугамын хэсэгт, 4 дүгээр хэсэг Нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын гаднах эргэн тойронд, 5 дугаар хэсэг: Нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын дотор талд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.06-ны өдрийн 07:32 цагт иргэн Ш-ийн цогцсыг усан сангаас олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд иргэн А /30 настай, эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 11 давхрын цонхоор үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай 5 км замыг туулан 14:50 цагт очиход иргэн А-г 12 давхраас аврах олс ашиглан эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top