Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар    16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4х5 метрийн хэмжээтэй түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 08:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 08:44 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 10:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 10:57 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус багийн харьяат иргэн С /33 настай, эрэгтэй/ 09.15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 25 хүн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэй 09.17-ны өдрийн 08:30 цагаас 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: Бугат сумын Их булан багийн “Хар үзүүр” гэдэг газраас “Тавилтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 2 дугаар бүлэг: “Ховд” голын хоёр талаар 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.18-ны өдрийн 06:30 цагт иргэн С эсэн мэнд байгаа тухай ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км замыг туулан 10:20 цагт очиж, О /1 нас 6 сартай, эмэгтэй/ 2 метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top