Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с, 18-19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд бичиг хэрэгслийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:08 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Тод-Өнгө гэрэл” ХХК-ийн 9х13 метрийн хэмжээтэй агуулах, тус агуулахад байсан бичиг хэрэгсэл, 12х25 метрийн хэмжээтэй бичиг хэрэгслийн дэлгүүрийн дээврийн хэсэг болон иргэн Т-гийн эзэмшлийн “Халх-Орд” ХХК-ийн монгол гэрийн үйлдвэрийн 2м3 түүхий эд мод тус тус шатаж байсныг 37 минут ажиллаж галын тархалтыг зогсоож, 2 цаг 30 минут задаргаа хийж ажиллан бүрэн унтраасан. Уг гал түймэрт нэмэлтээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 2 цаг 15 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 50 минут ажилласан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, “Хүннү тур” амралтын газрын орчим байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 11:14 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 31 км замыг туулан 11:44 цагт очиход Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Баяндавааны 5 дугаар гудамжны 2 тоотод иргэн Д.Ууганбаярын 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:06 цагт очиж, иргэн С-ийн 4 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 15 метрийн урттай модон хашаа тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн “Жаргалант харьт“ гэдэг  газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 2 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 17:22 цагт очиж, иргэн Б-гийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт малчин Ж /73 настай, эрэгтэй/ зүүн мөр хэсэгтээ бага зэрэг түлэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top