Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 54 дүгээр байранд “Мөнхжаргалант” талх, гурилан бүтээгдэхүүний цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 20:26 цагт/ хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:30 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн “Мөнхжаргалант” талх, гурилан бүтээгдэхүүний цехэд эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 10:54 цагт очиж, иргэн Д-ийн 5 ханатай гэр, иргэн Т-ийн эзэмшлийн “Рав-4” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цүүц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 100 км–т/ 08.17-ны өдрийн 19:10 цагаас 19:30 цагийн хооронд түр зуурын ширүүн бороо, мөндөр орж, борооны өмнө хүчтэй шуурсаны улмаас 5 айлын гэр нурж, 1 айлын байшингийн дээврийн төмөр хууларч, 13 ширхэг цахилгааны модон багана унасан. Мөн тариан талбай мөндөрт цохиулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч А.Ганбагана 08.17-ны өдрийн 20:51 цагт /21:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус сумын Засаг даргын орлогч дарга А.Ганбаганаар ахлуулсан ажлын хэсэг болон “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ажлын хэсэг) 08.18-ны өдрийн 07:00 цагт тухайн газар руу хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top