Хяналт шалгалтыг улам чангатган ажиллахыг үүрэг болголоо.

123918991_701395320484731_7643956439340041345_o-6xiatruaif27sktxvi5fmwc7nwk5xzej0qt525zsy80.jpg

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав.

Мөн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Дээрхи хугацаанд зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ, цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар аль болох гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриаллаа.

Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй.

Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллэсэн байна.

scroll to top