Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, говийн бүсийн баруун хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс 7-12 м/с, 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 19:32 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй “Алтан зул” цайны газрын дээврийн хэсэг шатаж байсныг 25  минут ажиллаж унтраасан  

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 26 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн баруун болон зүүн талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, шатлага ихтэй, салхи тогтуун байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрээн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 44 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн 2 талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, шатлага ихтэй, салхи тогтуун байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймэр гарсан нь www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 1 автомашинтай 07.12-ны өдрийн 17:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж, 07.13-ны өдрийн 15.06 цагт очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн баруун болон зүүн талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, зүүн талаараа түймрийн тархалт бага, баруун талаараа тархалт ихтэй, тэнгэр бүрхэг, салхи тогтуун байна. /Алба хаагчид Ө-49011’45.7″, У-107029’24.4″ координатад байрлаж байна./

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Нарийн даваа” гэдэг газар / сумын төвөөс зүүн урд  зүгт  20 кмт/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 21:40 цагт цурманд оруулж, 07.13-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж, тус сумын “Нарийн даваа” ойн нөхөрлөлийн ахлагч М.Эрдэнэтуяад хүлээлгэн өгсөн. /Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1 га орчим талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.13-ны өдрийн 12:00 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай мөн өдрийн 18:05 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн. /07.14-ний өдрийн 06:00 цагийн байдлаар түймрийн голомтод очиход 10 км дутуу байна/                

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд барилгын 5 дугаар давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 21:50 цагт очиж, тус байрны оршин суугч З /30 настай, эмэгтэй/ 5 дугаар давхрын цонхоор унах гэж байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Өндөр хүр” гэдэг газар   /аймгийн төвөөс  баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ тус аймгийн харьяат иргэн Ө /48 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 3 автомашин, 1 завьтай “Өндөр хүр” гэдэг газраас “Орхон” голын эрэг дагуу 10 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, мөн өдрийн 08:30 цагт осолдсон газраас хойд зүгт 5 км-т тус багийн “Бүүрэг толгой” гэдэг газар “Орхон” голын уснаас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Б-гийн охин Х /6 настай, эмэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 07.13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 2 алба хаагч, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар осолдсон газраас хойд зүгт “Дэрст булан” гэдэг газар хүртэл 60 км-т “Орхон” голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:30 цагт түр зогсоосон. 07.14-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголонгийн гүүр”, “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:01 цагт очиж, 13:22 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны харьяат иргэн Г /58 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Туул” голоос гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Ялбаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13 ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 1 алба хаагч, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 2 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 1 алба хаагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, нийт 8 алба хаагч, 2 автомашинтай ослын голомт руу хөдөлгөөн үйлдсэн. 19:30 цагт ангийн байрлалаас хөдөлсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар усан тохой” гэдэг газар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 21:10 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:54 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж, 06:03 цагт иргэн Б /24 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Минж үржүүлэг” гэдэг газрын баруун хойд талд “Туул” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Хархираан голын -Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд-200” загварын суудлын автомашин “Хархираан” голын усанд суусан /2 зорчигчтой/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 18:06 цагт очиж, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, иргэн Б /46 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа “Хархираан” гол дотор байсныг гаргаж аюулгүй болгосон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top